Өмнөх үг
Орон байр, ахуйн орчинд байнгаорогнон амьдарч, үржил бойжилт нь хэвийн явагддаг, хүнсний болон бусад бүтээгдэхүүнээр хооллон, бохирдуулж, хөнөөж, сүйтгэдэг, хүний цус сорж шимэгчилдэг, ингэснээрээ өвчин үүсгэгч нянгуудыг дамжуулан тарааж хүн амын дунд халдварт өвчин дэлгэрэх боломжийг нөхцөлдүүлдэг шавьж, мэрэгчдийг АХУЙН ХОРТОН гэж нэрлэж болно.
Хүн төрлөхтөн 2000 жилийн тэртээгээс ахуйн хортонтой тэмцэж ирсэн бөгөөдөнөөдөр ахуйн хортонтой тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг иж бүрнээр нь авч үзэхийг онцгой анхаарч байна.
Энэхүү зөвлөмжөөрөө манай оронд түгээмэл тархалттай хортон шавж, мэрэгчийн хүний аж ахуй, эрүүл мэндэд учруулах хор хохирол, тэдгээрийг устгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар анхны мэдэгдэхүүн өгөхийг хичээсэн болно.
Жоом
Хүний орон байранд орогнон амьдарч хоол хүнс, сав суулгыг бохирдуулан, улмаар элдэв төрлийн өвчний үүсгэгчийг тараан дамжуулдаг хортон шавжийн нэг юм.
Тархалт: Дэлхий дээр 4000 орчим зүйл жоом бүртгэгдсэнээс 50 орчим нь ахуйн хортон шавж хэмээн нэрлэгддэг. Манай оронд Шар, Хар жоом, Дунд Азийн, Америкийн, Австралийн, Хөмрөг буюу Нангиад жоом гэсэн 6 зүйл жоом бүртгэгдсэн. Эдгээрээс хамгийн их тархалттай ахуйн хортон бол шар жоом юм.
Гадаад шинж: Бие гүйцсэн шар жоом 10-15мм орчим урт, шаргалаас хүрэн бордуу өнгөтэй, мэрэх амтай. 3хос 6хөлтэй, ташуур хэлбэрийн хоёр сахалтай. Хурдан шалмаг хөдөлгөөнтэй, хоёр хос далавчтай.
Үржил, бойжилт, амьдралын онцлог: Эмэгчин жоом нэг удаад 60 орчим тооны өндөг гаргадаг. Эмэгчин жоом амьдрах хугацаандаа 4-8 удаа өндөг төрүүлдэг. Хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хаягдал, хатсан цэр, цус, цаас зэрэг зүйлээр хооллодог элдэв идэшт шавж. Хүнсний болон ахуйн хаягдал бүхий чийгтэй, дулаан орчинд амьдрах дуртай, харанхуйд идэвхтэй явж идээшилдэг.
Хор хөнөөл: Жоом нь урвах тахал, цусан суулга, гэдэсний хижиг зэрэг халдварт өвчин үүсгэгч нянг механик тээгч болохоос гадна зарим халдварт өвчнийг дамжуулагч болдог. Угаагуур, бие засах газар, хог хаягдал бүхий газраар идээшилж явахдаа өвчин үүсгэгч элдэв нян, шимэгч хорхойн өндгийг биедээ наалдуулж аваад улмаар аяга, савыг түүгээр бохирдуулж халдвар дамжих нөхцөл бүрдүүлнэ. Мөн хүний биед шимэгчилдэг зарим хорхойн өндөг жоомоор дамжиж хүнд халдварладаг.
Урьдчилан сэргийлэх, устгах арга:
• Орчноо цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байлгах
• Хүнсний бүтээгдэхүүнийг тагтай сав юмуу хөргөгчид хадгалах
• Хүнсний бүтээгдэхүүн бусад бараа, материалтай гаднаас жоом зөөвөрлөгдөн ирэхээс урьдчилан сэргийлэх
• Ахуйн хаягдлыг тагтай саванд хийж тухай бүр зайлуулах
• Орчиндоо байгаа усны алдагдлыг зогсоож хуурай байлгах
• Орчиндоо жоом хооллох зүйлгүй цэвэрхэн байх
• Хана, шаланд гарсан зай завсраа битүүлэх
• Устгах үйлчилгээг улирал бүр тогтмол хийх.
Сууцны бясаа
Тархалт: Сууцны бясаа нь дэлхий даяар тархсан түгээмэл хортон шавж.
Гадаад шинж: Бие гүйцсэн бясаа 6-7мм урт. Зуувандуу хэлбэртэй хавтгай биетэй, улаан хүрэн, хүрэн өнгөтэй. Толгой цээж хоёр нь хоорондоо зааглагдах үегүй. Хатгаж, сорох зохилдолгоо бүхий хошуу толгойн доод талд байрлана. Бие нь тачирхан үсэрхэг
Үржил, бойжилт, амьдралын онцлог: Бие гүйцсэн эм бясаа хоёр хоног тутам өндөглөдөг бөгөөд нэг удаад 2-12 өндөг төрүүлнэ. Өндөг нь цайвар өнгөтэй, 1мм орчим урт. Амьдрах хугацаандаа нэг эм бясаа нийтдээ 75-500 өндөг төрүүлдэг. Өндгөө орны нугас, углуурганы зай завсар, ханын хуурсан цаасны ар талд гаргадаг. Бясаа зөвхөн бүлээн цуст амьтны болон тэр тусмаа хүний цус сорж амьдарна. 1удаад 5-10минут цус сорно. Орчиндоо бүлээн цуст амьтан байгааг 5-10см зайнаас мэдэрч хүрч очдог. Цус сорохын тулд өргөс шиг хатуу хошуугаа хүний биенд хатгаж, цус шингэрүүлдэг шингэн бодисыг цусанд шахна. Ийнхүү шингэрсэн цусыг сорж авна. Бясаа нэг удаад 7мг орчим цус сордог. Цусыг сорж дуустал бясааны хатгасан газар хорсох эсвэл загатнах зэрэг үйлчилгээ хүнд мэдэгддэггүй. Харин цус сорж дуусаад хошуугаа хүний биеэс сугалаад авмагц хатгасан орчмоор хүчтэй загатнаж эхэлдэг. Тэр үед бясаа хүний биеэс нэгэнт холдсон байдаг тул ард олны дунд “бясаа хүний биед хүрэлгүй зайнаас цус сордог” гэсэн ташаа ойлголт байдаг.
Хор хөнөөл:Одоогоор бясаа халдварт өвчин дамжуулдаг болох нь тогтоогдоогүй. Гэвч бясаанд хазуулсан орчин гөвийж улайна, маш их загатнана. Үүнийг маажиснаас болж үрэвсэж хавдах, улмаар бохир орчинд халдвар дамжих бололцоотой болдог. Их мэдрэмтгий юмуу бие ядарсан хүмүүс нойр алдагдаж, маш их цочромтгой болно. Бага насны хүүхдэд арьсны харшил үүсгэж болно. Үүнээс гадна бясаа ихтэй газар салст булчирхайн шүүрлийн улмаас эвгүй эхүүн үнэртэй болдог.
Устгах, урьдчилан сэргийлэх арга:
• Диван, модон орны дотор тал, углуургыг тосон будгаар будах
• Хананы хуурсан цаасыг тухай бүр нь наах
• Хана, шал, модон орны зай завсрыг битүүлэх
• Гудас, матрасны уранхай, цоорхойг оёж битүүлэх
• Гэрийн тавилга, хананд өлгөсөн хивс, зургийн жазны углуурганд бясаа үүрлэсэн эсэхийг үе үе шалгаж үзэх. Жижиг жижиг хар толботой бол бясаатай байгаагийн шинж.
• Гэр ахуйн тавилга, цаасан хайрцагтай зүйлсийг гэртээ оруулахаас өмнө бясаатай эсэхийг сайтар шалгах
• Хувцас, ор дэвсгэрээ өөр хүнтэй солихгүй байх
• Гэр орноо цэвэр цэмцгэр байлгах
• Бясааг устгах зориулалттай төрөл бүрийн шүршдэг хорыг хэрэглэх
Хивэнгийн эрвээхэй /цагаан эрвээхэй/
Тархалт: Хивэнгийн эрвээхэй нь хэдийгээр халдвар тараах талаар хор холбогдолгүй чулс орон, хүний ахуй амьдралд эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, дэлхий даяар түгээмэл тархсан хөнөөлт шавьж юм
Гадаад шинж: Далавчаа дэлгэсэн үедээ 10-16 мм орчим урт, цайвар шаргал өнгөтэй, урд далавчин дээрээ хүрэвтэр өнгийн 3 толботой. Хойд далавч нь захаараа цацаг үүсгэж байрласан үслэгүүдтэй. Орой үдшийн бүрэнхийд гэрэл асаасан үед идэвхитэй нисдэг. Өдрийн цагт сууж амарна.
Үржил бойжилт, амьдралын онцлог: Хивэнгийн эрвээхэйн биологи хөгжлийн эргэлт нь өндөг, авгалдай, хүүхэлдэй шатыг дамжин бие гүйцнэ. Эм эрвээхэй 2-3 долоо хоногийн турш 160 хүртэл тооны өндөг төрүүлнэ. Өндгөө амьтны гаралтай үс, ноос, ноолуур, нарийн эсгий эдлэл, хивс, мебелийн бүрээс, ангийн арьс үс, музейн үзмэрт гаргана. Дулааны улиралд 4-10 хоноод өндөгөөс авгалдай гаргана. Авгалдайн шүлсний булчирхайнаас мяндаслаг шүүрэл ялгарах бөгөөд түүгээр өөринхөө биеийг хучих бүрээс нэхнэ. Тэрхүү нэхсэн бүрээсэн дотор авгалдайн бойжилт явагддаг. Авгалдай цагаан өнгөтэй, хар толгойтой байдаг. Бүрээстэй авгалдай 30-40 хоногийн туршид 7-11 удаа гуужиж, гуужих бүртээ өсөж, биеийн хэмжээ томорно. Бойжилтын эцсийн шатанд орж томорсон авгалдайн биеийн хэмжээ 7-10 мм хүрдэг. Хүүхэлдэйн бойжих хугацаа 8-10 хоног үргэлжилнэ.
Хор хөнөөл: Хивэнгийн эрвээхэй, түүний авгалдай, хүүхэлдэй нь өөрийн хөгжлийн явцдаа үс, ноосон эдлэл, ангийн үс, арьс зэрэг өндөг гаргасан материал, түүний хөрсөөр хооллох, авгалдай хүүхэлдэйн шатанд шилжихийн өмнө хүүхэлдэйн шатны хөгжил явагдах хүүдий хийх замаар эд материалыг гол төлөв хадгалалтын явцад нь гэмтэл учруулдаг.
Устгах, урьдчилан сэргийлэх арга: Бие гүйцсэн эрвээхэйг механик аргаар юмуу нисдэг шавьж устгах зориулалттай шүршдэг хороор устгана.
• Устгалын үйлчилгээ хийхийн өмнө тухайн байр сууцанд эрвээхэй үүрлэн үржсэн голомтыг /эрвээхэй өндөглөсөн, түүний авгалдай, хүүхэлдэйн бойжилт явагдаж байгаа эд иатериал/ олох
• Олсон голомтондоо устгалын үйлчилгээ хийхдээ хорыг гадаргуугаас 10-15 см зайнаас шүршээд битүү нийлэг уутанд хийж амыг нь боогоод 2 хоног байлгах
• Голомт бүхий эд материал цаашид ашиглагдах нөхцөлгүй болсон үед уг голомтыг шатааж устгах. Шатаахгүйгээр ил задгай гаргаж хаявал дулааны улиралд үржил хөгжил нь хэвийн явагдаж байр сууцаар тархах нөхцөл бүрддэгийг онцгой анхаарах
• Зун +25°С дээш, өвөл -25°С доош хүйтэнд 5-6 цаг байлгаж дараа нь гүвж савах, тоос сорогчоор сайн цэвэрлэх. Овор багатай эд материалыг нийлэг уутанд хийж хөргөгчинд 15-20 минут хийж хөлдөөгөөд цэвэрлэх
• Гэр, сууцанд гаднаас бие гүйцсэн эрвээхэй орохоос хамгаалж цонх, салхивчиндаа нарийн торон хаалт хийх
• Хананд өлгөсөн хивс, аравч, ангийн үс, арьсыг үе үе шалгаж, тоос сорогчоор цэвэрлэж, бололцоотой бол нар, салхинд тавьж чийггүй байлгах
• Хадгалах үедээ эрвээхэй дайжуулагч бэлдмэлүүдийг зааврын дагуу хадгалж буй хувцас, эд материалтай хамт хийх. Бэлдмэлийн хугацаа дууссан тохиолдолд шинээр солих
Гэрийн ялаа
Тархалт: Ялаа дэлхий даяар түгээмэл тархсан шавьж. Манайд хүний гэр, сууц, түүний орчимд орогнон амьдарч, тав тухыг алдагдуулан, элдэв халдварт өвчний үүсгэгчийг тараадаг хор холбогдол бүхий 10 гаруй зүйл ялаа бүртгэгдсэнээс хамгийн өргөн тархалттай, хор холбогдол ихтэй нь гэр байшингийн хар ялаа юм.
Гадаад шинж: Бие гүйцсэн ялаа 6-8 мм, далавчныхаа хамт 13-15 мм урт. Бор саарал өнгийн цээжин хэсгийн нуруун талд 4 эгнээ тууш хар судалтай, хэвлийн 2 хажуу ба доод тал шар өнгөтэй. Үүгээрээ бусад ялаанаас ялгагдана. Амны эрхтэн нь долоох, сорох зохилдолгоотой. Хөл, бие нь бор саарал өнгийн тачирхан үсээр хучигдсан. Сарвууныхаа үзүүрт хос хумстай. Хумснуудын хооронд цавуурхаг бодис ялгаруулдаг зөөлөвчтэй. Түүнээс ялгаруулсан наалдамхай бодисын тусламжаар ялаа цонхон дээгүүр ч халтирахгүй гүйж чаддаг бөгөөд бас байшингийн адарт ч тогтож байж чаддаг.
Үржил, бойжилт, амьдралын онцлог:Гэрийн ялаа нь өндөг, авгалдай, хүүхэлдэйн шатыг дамжин бие гүйцдэг. Эмэгчин ялаа эвсэлдээнд ороод 4 хоноод өндөг төрүүлнэ. Амьдралынхаа туршид 2-7 удаа өндөглөж, өндөглөх бүртээ 100-150 өндөг төрүүлэх бөгөөд нийтдээ 300-800 өндөг гаргана. Өндөг нь цагаан өнгөтэй, 1мм орчим урт. Ердийн нөхцөлд 8-24 цагийн дотор авгалдайн шатанд шилждэг. Авгалдай нь цагаан өнгөтэй, 10мм орчим урт, нэг үзүүр нь шувтандуу бортого хэлбэртэй. Авгалдайн бойжих хугацаа орчны хүйтэн, дулааны байдлаас шалтгаалдаг. Орчны температур 18°С дулаан байхад авгалдайн бойжилт 12 хоногт, 20°С дулаан байхад 3-4 хоногт явагдаж дуусна. Авгалдайн шатандаа 3 удаа гуужаад хүүхэлдэйн шатанд шилжинэ. Орчны дулаан 20-25°С байвал хүүхэлдэйн шатны хөгжил 4-5 хоногт явагдах бөгөөд энэ хугацаанд гадуураа тусгай хүүдийтэй болдог. Хүүхэлдэйн шатны хөгжил дуусаад хүүдийнээс бие гүйцсэн бяцхан ялаа гарна. Бие гүйцээд сар гаруй амьдарна. Гэрийн ялаа нь өдрийн цагт идэвхитэй нисч харанхуй үед сууж амарна.
Хор хөнөөл:гэрийн ялаа нь урвах тахал, хоолны хордлого, гэдэсний хижиг, цусан суулга зэрэг гэдэсний халдварт өвчин үүсгэгч нянг механик тээгч болохоос гадна зарим өвчинг шууд дамжуулна. Ахуйн хог хаягдал, жорлон, бохир усны цооног зэрэг бохир орчноос дээрхи өвчин үүсгэгч нянг бие, хөлдөө наалдуулж, улмаар хоол хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулж, халдвар тархах нөхцөл бүрдүүлнэ.
Устгах, урьдчилан сэргийлэх арга:
• Хүнсний бүтээгдэхүүнийг ил, задгай байлгахгүй байх
• Жорлон, бохир усны цооногийн хаалга, тагийг үргэлж хаалттай байлгаж, ялаа орох боломжийг бүрдүүлэхгүй байх
• Цонх, салхивч, хаалгандаа ялаа орохоос хамгаалсан тор хийх
• Ахуйн хог хаягдлыг тагтай саванд хийж өдөр бүр зайлуулж байх
• Айл өрх бүр ялааны цохиуртай байж механик аргаар устгах
• Гэр хорооллын жорлон, бохир усны цэгт хлорамин, лизол, креолин зэрэг халдваргүйжүүлэх үйлчилгээтэй бодисоор 7-10 хоног тутамд халдваргүйжүүлэлт хийх
• Ялаа, түүний авгалдай устгалын үйлчилгээг 7-10 хоног тутамд хийж байх
Гэрийн хулгана
Тархалт: Төв суурин газарт гэрийн хулгана, бор харх, хар харх зэрэг хортон мэрэгчид тархсан. Үүнээс манай оронд хамгийн түгээмэл тархалттай нь гэрийн хулгана юм.
Гадаад шинж: Гэрийн хулганы биеийн урт 70-108 мм, сүүлнийх нь урт 42-102 мм орчим. Нуруун тал нь бор саарал, хэвлий тал нь биеийн хажуугаас эхлээд аажим шилжсэн цайвар өнгөтэй. Шөмбөгөр хошуутай, дэлдэн чихтэй. Үнэрлэх, сонсох эрхтэн сайн хөгжилтэй. Нүдний харааны хөгжил нь төдий л сайн биш
Үржил, бойжилт, амьдралын онцлог:Гэрийн хулгана үржлийн хувьд маш эрчимтэй. Хээлтэй хугацаа 20-21 хоног. Бие гүйцээд 30-40 хоноод бэлэг боловсорч үржилд орох чадвартай болно. Нэг удаад 6-8 зулзага төрүүлдэг. Энэ эрчмээр хэвийн үржвэл 1 хосоос жилд 3000 хүртэл тооны хулгана бий болох бололцоотой.
Хор хөнөөл:Мэрэгч амьтны хүний ахуй амьдралд учруулах хор холбогдлыг хоёр хуваадаг.
Нэгдүгээрт :Гэрийн хулгана өөрийн ялгадасаар ахуй орчныг бохирдуулдаг. Төрөл бүрийн халдварт өвчин үүсгэгч нянг механик тээгч болохоос гадна зарим халдварт өвчнийг шууд дамжуулагч болдог.
Хоёрдугаарт:Хүний ахуй амьдрал, улс орны эдийн засагт асар их хохирол учруулдаг. Гэрийн хулгана хүнсний бүтээгдэхүүнийг идэж хороох, хордуулахаас гадна барилга байшин, бараа материалын сав, баглаа боодлыг гэмтээн үргүй зардал их гаргана.
Устгах, урьдчилан сэргийлэх арга:Орчин үед мэрэгч устгах, урьдчилан сэргийлэхцогц арга хэмжээнд дараах 4 зүйлийг авч үздэг:
• Хүнсний бүтээгдэхүүнийг үлдэгдэл хаягдалгүй байлгах
• Мэрэгч үүрлэн үржих, ноохой засах боломжийг бүрдүүлэхгүй байх
• Тухайн орчинд мэрэгч нэвтрэн орох боломжгүй байлгах
• Мэрэгч устгалын арга хэмжээний гол зорилго мэрэгч амьтны биологи хөгжлийн эргэлтийг таслан зогсооход чиглэгдэнэ.
Бүүрэг
Тархалт :Дэлхийд 1000 гаруй зүйл бүртгэгдсэн түгээмэл тархалттай хортон шавьж юм. Үүнээс ахуйн нөхцөлд гол төлөв Хүний бүүрэг буюу нохой бөөс, муурын, нохойны, шувууны бүүрэг зэрэг бүүргүүд тохиолдоно. Манай орны төв суурин газарт муур, нохойны бүүрэг тархалттай байдаг.
Гадаад шинж:Бие гүйцсэн бүүрэг хоёр хажуугаасаа хавчигдсан хэлбэртэй, 0,5-5 мм урт, далавчгүй жижиг шавьж юм. Энгийн хос нүдтэй, зарим нь нүдгүй. Хатгаж сорох амны эрхтэнтэй. Толгой цээжний хажуугаар эгнэж байрласан шүдлэгүүдтэй. Хөл нь 5 үетэй, үзүүртэй хумстай. Үсэрч хөдөлхөд зохилдож хөлний булчин сайн хөгжсөн. Хойд хос хөл нь урд ба дунд хөлөөсөө илэрхий урт бөгөөд хүчирхэг хөгжилтэй. Түүгээрээ тулгуур хийж үсэрнэ. Бие гүйцсэн бүүрэг зөвхөн бүлээн цуст амьтанд шимэгчлэн цусаар хооллоно.
Үржил, бойжилт, амьдралын онцлог:Бүүрэг нь өндөг, авгалдай, хүүхэлдэйн шатыг дамжин бие гүйцдэг бүрэн хувиралтай шавьж юм. Өндгөө ахуйн хуурай хог хаягдал, шалны ан завсар, гэрийн тэжээмэл амьтны үүр ноохой, шувууны үүр зэрэг газарт гаргана. Өндөг нь 0,5 мм урт, зуувандуу хэлбэртэй, цагаан өнгөтэй. Эмэгчин бүүрэг цусаар хооллосны дараа 4-8 өндөг төрүүлэх бөгөөд амьдралынхаа туршид 800-1000 ширхэг өндөг төрүүлнэ. Өндөгнөөс 1,5 мм урт , өт хэлбэрийн хөлгүй авгалдай гаргадаг. Авгалдай нь амьтны гаралтай хог хаягдлын шингэн үлдэгдэл, бие гүйцсэн бүүргийн сорсон цусны боловсроогүй үлдэгдлээр хооллоно. Авгалдайнаас хүүхэлдэйн шатанд шилжээд гадуураа бүрхүүлтэй болно. Хүүхэлдэйн шатанд хооллохгүй бөгөөд гадаад орчны тааламжгүй нөхцлийг урт хугацаанд даван туулж чадна. Өндөгнөөс бие гүйцэх хугацаа хэвийн нөхцөлд 4 долоо хоногт явагдана.
Хор хөнөөл: Бүүрэг нь бүлээн цуст амьтны цус сорж амьдардаг тул тахал, шар чичрэг, халдварт эсэргэнэ, хижиг зэрэг халдварт өвчин үүсгэгчийг тараахаас гадна зарим шимэгч хорхойн завсрын эзэн болдог.
Урьдчилан сэргийлэх арга:
• Байр сууцны ариун цэврийг чанд сахиж, гэрийн тэжээмэл амьтдын үүр, хэвтрийг тухай бүр цэвэрлэж, хог хаягдлыг тогтмол зайлуулах
• Гэрийн тэжээвэр амьтдыг мал эмнэлэгийн үзлэг, шинжилгээ, туулганд тогтмол хамруулах
• Нийтийн эзэмшлийн байр, сууцны хонгил, дээврийн хөндийд золбин муур, нохой, тагтаа бусад амьтад үүр, ноохой засаж, үржих боломжгүй цэвэрхэн байлгах
• Сууцны хана, шаланд гарсан зай завсрыг битүүлэх